Саарал ус боловсруулах технологи

      Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 литр байдаг бол Монгол улсын хувьд орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй 2 дахин их буюу 230-280 литр, харин гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага /6-8 литр/ ус хэрэглэж байна гэсэн судалгаа бий. Монгол улс гүний усны хомсдолд орох өндөр эрсдэлтэй байгаа энэ үед усны нөөцийн менежментийг илүү сайжруулах шаардлагатай байна. Усаа үр ашигтай хэрэглэх нэг арга нь монгол орны нөхцөлд тохирсон зөв шийдэл, технологоор бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах буюу саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.

      Манай компанийн гүйцэтгэж буй “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор барилга” төслийн хэмжээнд АНУ-ын NSF/ANSI стандартаар баталгаажсан BioBarrier мембран төхөөрөмжийг ашиглан барилга доторх саарал усыг ашиглах автомат удирдлага бүхий саарал усны технологийг нэвтрүүлэн 2022 оны 07 дугаар сарын 18-аас эхлэн бүрэн хүчин чадлаар амжилттай ашиглаж байна. Тус саарал усны системийн онцлог нь бохир усыг 99% хүртэл цэвэрлэх хүчин чадалтай BioBarrier мембран төхөөрөмж бүхий 11,3м3/хоногийн багтаамжтай барилга доторх бие даасан цэвэрлэх байгууламж юм. Усанд ууссан умбуур бодисыг агаартай орчинд задалж, биологийн цэвэрлэгээ болон нитрификаторын процессыг явуулах замаар хамгийн сүүлд мембран фильтрээр ус шүүгдэж, органик болон органик бус бохирдлуудыг цэвэрлэдэг бөгөөд үүгээр цэвэрлэгээний үр дүнг тодорхойлно.

       Саарал усны технологи нь барилгын угаалтуур, душнээс гарсан бохир усыг BioBarrier төхөөрөмжөөр цэвэрлэж суултуурын усанд эргүүлэн ашиглах процесс бөгөөд энэхүү системийг нэвтрүүлснээр хоногт дунджаар 2,3м3, сард-69м3, жилд-839,5м3 цэвэр усыг хэмнэж байгаа юм.