Галын системийн тухай

            Дэлхий дахинд Гал унтраах спринклерийн системийн тухай ойлголт, үүсэл хөгжил нь 1880-иад оноос эхэлсэн бөгөөд гал унтраах системийн анхны загвар, түүний суурилуулалтын зарчмыг 1885 онд Их британи улсын Жон Вормальд тайлбарлан бичиж байжээ.

             Спринклерийн системийг үндсэн 5 төрөлд хуваадаг. Үүнд:

  • Усан систем(Wet system),
  • Хуурай систем( dry system) ,
  • Хосолсон (Alternate wet and dry system) ,
  • Урьдчилсан систем (pre-action system),
  • Үерийн систем (deluge system) гэсэн төрөлд хуваан ангилдаг. Үүн дээр нэмэгдэн хийн гал унтраах систем хөгжиж байна.

        Гал унтраах автомат спринклерийн систем нь BSI, LPC, FM global, NFPA international, ISO6182 гэсэн стандартуудыг ашиглан барилга байгууламжийн зориулалт, төлөвлөлт, интерьер дизайн хийцлэлд зориулан төлөвлөлтийг хийж гүйцэтгэдэг. Монгол улсын хувьд БНбД-40-05-16 барилга доторхи ус хангамж ариутгал татуурга, БНбД-21-04-05 барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиололын хэрэгсэл, MNS-3239:2014 барилга доторх ус хангамж, ариутгал татуургын системийн ажлын зураг, MNS 3332:2013 барилгын зураг, барилгын дотор ус хангамж ариутгал татуурга ба хий хангамжийн систем гэсэн стандарт, норм дүрмийг мөрдлөг болгон ажилладаг.

      Бидний барьж буй "Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор" барилгын нийт талбай 28,700м.кв, барилгын нийт эзэлхүүн 106,250м.куб бөгөөд гал тэсвэршилтийн ‘II’ зэргийн барилга гэж үзэн гал унтраах автомат спринклерийн систем, гал эсэргүүцэх ердийн систем болон FM-200 буюу хийн гал унтраах системийг төлөвлөн угсралт суурилуулалтын ажил хийж гүйцэтгэж байна. Гал унтраах системд ашиглаж буй шугам хоолойг ГОСТ3262-75 болон SCHEDULE40 зэрэг олон улсын шаардлага хангасан хоолойг ашиглаж байна. Ердийн системийн усны зарцуулалт 2х2.5 л/с бүхий 2 цагираг байхаар нийт 2,494 галын хошуу төлөвлөн угсрах бөгөөд “Wilo” брэндийн насос суурилуулан угсрахаар төлөвлөн ажиллаж байна.

        Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор барилгын “Б ” блокийн хувьд нэгдсэн удирдлагын систем болон дата серверийн өрөө бүхэлдээ суурилагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор олон улсын барилгын нэгдсэн удирдлагын систем BMS (Building manegemant system) буюу барилгын ухаалаг удирлагын систем холбогдон ажиллах мөн дата серверийн өрөөг галын аюулаас хамгаалах зорилгоор хийн гал унтраагуурын системийг төлөвлөн ажиллаж байна.

 

Мэдээлэл бэлтгэсэн: ХАС-инженер А.Базарсүрэн